May 28, 2012

Бүхнийг эдгээх хүч зөвхөн түүнд бий ч



Хамаг бүхэн ой ухаанаас халин асгарч
Тэсэхүйеэ бэрх өвдөж эхлэхийн цагт 
Уран гартай сийлбэрч шиг түүнд
Сөхрөн гудайхдаа л өөрийгөө үзнэ
Гунигт эзлэгдсэн хуучин сэтгэл
Галдан шатаагдсан цайз хэрэм мэт
Уугьсан их гансрал тэнгэр өөд цоройход ч
Утаа адил баригдах биегүй тэр хүн
Надад эр хүн шиг л санагддаг
Цаг хугацаа билээ
Биений минь гадуур үл үзэгдэн урсах
Сэтгэлийн шарх, зүрхний хөндүүрээс
Үхүүлэлгүй намайг тэтгэн адисласан
Бүхнийг эдгээх хүч зөвхөн түүнд бий ч
Шархгүй болсон өөртөө л хэтэрхий их гомдох юм. 

May 23, 2012

Хэзээ ч дуусахгүй байж мэдэх
Солиорол мэт энэ дуунаас
Залхахаас минь өмнө хэн нэгэн ирээсэй
Над руу ирэх зам нь цэвэр дардан байгаасай
Цэцэгсийн ааг анхилсан цэлгэр ногоон талаас
Аль эсвэл тунгалаг цэнхэр тэнгэрээс
Ирэх нэгнийг би хүлээгээд л байх юм
Тэр ирэх ёстой болоод л ...


May 19, 2012

Яруу найргийн төлөө

Яруу найргийн төлөө 
Дэвтэр худалдаж авсан 
Сэтгэл зүрхээ уудлах 
Цүнх нэмж авсан 
Итгэл төрүүлэх бүхэнд 
Итгэж амьдрах болсон 
Исгэрэх салхин дунд ч 
Исгэрч алхах болсон 
Тэнгэрийн шидэт үгсийг 
Хүлээж цөхөрдөг болсон 
Сөхөрсөн хүмүүсийн зовлонг 
Ойлгож эхэлдэг болсон

May 17, 2012

Нуурын мандалд сарны туяа
Гэрэлт сум мэт харван ирэхэд
Шөнийн үүлсийн сиймхий дундуур
Хэсэг шувууд алсран дэвнэм

May 10, 2011

Ниснэ гэдэг далавчаа дэвээд нэг газраас нөгөө газарт хүрэхийн нэр биш.
Өчүүхэн муу ялаа, шумуул ч үүнийг хийж чадна. Жинхэнэ нислэг бол бодол ухаанаа биеэс чөлөөлсний дараах аугаа их аялал юм.




-Өвгөн цахлайн сургаалиас.

May 08, 2011

Цэнхэр өнгийг цуулах мэт
Тэнгэрт улаан морь адган довтолно
Үгээр хэлэхийн аргагүй   
Үхэхдээ ч ахин дурсах тэр агшныг 
Би хэзээ зүүдэллээ  
Сэрсний дараах их аниргүйдэл 
Цэцгийн дэлбээнд уруулснаа хүргэснээ ч
Бүр тодоор санаж байна,
Цэнхэр өнгийг цуулах мэт
Тэнгэрт улаан морь адган довтолно

May 02, 2011

Шувууд буцдагаараа л буцсан тэр намар 
Шугуй шарлаж, аав хадланд гарсан тэр намар 
Надтай тоглодог ажаа айлд очсон тэр намар 
Намайг том болоорой гэсэн тэр намар

Нар буцдагаараа л буцсан тэр намар 
Хяруу унаж сөл гандсан тэр намар 
Чихэр өгдөг ажаа холоо явсан тэр намар 
Чи хаачих нь вэ гэж би асуугаагүй тэр намар 

Шинэдийн сарнаар очоорой гэсэн тэр намар 
Шивээ ганхуулж би дагаж гүйсэн тэр намар 
Алагтай адуу зүүн гол руу усанд гүйсэн тэр намар 
Айраг шуугиж ангир тээрсэн тэр намар 

Нэг л өглөө ажаа холоо явсан тэр намар 
Нөгөө хацрыг нь дараа үнсэнэ гэсэн тэр намар 
Хөөрхөн эгч гоёод л байсан тэр намар 
Хөөрөөд л би юу ч мэдээгүй тэр намар.


Ц.Авирмэд. "Энэлэнгийн болор талд" номын 28 дугаар тал
Хувь тавилан- 
Хаалга, цонх нь солигддог
Үлгэрийн ягаан байшин юм
Тэр байшин доторх
Үзэсгэлэнт гүнж нь чи минь юм
Сэмхэн алхаад очихыг минь мэдчихдэг
Үлгэрийн ягаан тэр байшинд  
Алхаж, мөлхөж, авирч ороод
Тэндээс оргуулж зугтахыг хүсдэг
Үзэсгэлэнт гүнж  чи минь үгүй бол
Амьдрал хичнээн уйтгартай байхыг
Анзаарахын төдийд л хавар болдог
Чи минь
Хувь тавилангийн байшин дахь
Ганцаардмал нэгэн гүнж юм.